
Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, шинэ брэндийг зах зээлд нэвтрүүлэхэд зорилтот хэрэглэгчдийн дуу хоолойг сонсох нь чухал ач холбогдолтой. Үүний үр дүнд бүтээгдэхүүн зөв зах зээлд байршсан эсэх, ямар маркетингийн тактик ашигласнаар борлуулалт болон ашгаа нэмэгдүүлж чадах зэрэг маркетингийн стратегийн шийдвэрүүдийг гаргах боломжтой болдог.
Хэрэглэгчид өдөр ирэх тусам сурталчилгаанд соргог хандах болсон. Дэлхий нийтээр сэтгэл хөдөлгөсөн, үнэт зүйлсээ хуваалцсан брэндүүдийг хайж, байгальд ээлтэй тогтвортой брэндүүдийг худалдан авахыг илүүд үздэг болоод байна. Нөгөө талдаа худал мэдээлэл хүргэх, буруу мессэж өгөх, сурталчилгааны дүрийг оновчтой сонгохоос эхлэн үйлдэл бүртээ няхуур хандах шаардлагатай болжээ. Мөн байгууллагын маркетерууд зөвхөн өөрсдийн мэдрэмж дээр тулгуурлан стратегиа гаргах нь төсвийн буруу зарцуулалт болон брэндийн нэр хүндэд ч муугаар нөлөөлсөн жишээ цөөнгүй байна.
Маркетинг, брэндийн цогц судалгаагаар маркетингийн стратегийн амьд байдлыг нарийвчлан хэмжих боломжийг олгоно. Уг судалгааг харилцагчийн дуу хоолойнд тулгуурлан хийдэг учраас тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлд хүссэн имиджээ бүрдүүлж чадсан эсэх, зорилтот сегментдээ хүрч чадсан эсэх, мөн маркетингийн төсвийн зарцуулалт хэр үр ашигтай байсан зэрэг асуултуудад хариулт олж чадах юм.
01
Брэндийг хэрэглэгчтэй зөв холбох нь бизнесийн өсөлтийн нэг арга юм. Уг судалгаагаар брэнд танигдалтаас эхлэн тухайн брэндийн үнэ цэн, брэндийн имиджэд нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан тодорхойлно. Ингэснээр хэрэглэгчтэй урт хугацааны харилцаа тогтоон брэндийн үнэнч байдлыг нэмэгдүүлж чадна.
02
Худалдан авагчийн шийдвэр гаргах зан төлөвт хэрхэн нөлөөлж чадсан байна гэдгээр ямар ч маркетингийн кампанит ажлын амжилтыг хэмжиж болдог.
ROMI буюу Маркетингийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцсоноор маркетингийн төсвөө үр ашигтайгаар хэрхэн удирдах, маркетингийн тактик бүрд хэрхэн зардлын хуваарилалт хийхээ тодорхойлж чадна.
Үүний үр дүнд медиа сувгийн оновчтой тактик гаргах, ирэх жилийн төсвөө бодитоор төлөвлөх боломж бүрдэнэ.
03
Зорилтот хэрэглэгч нарт болон олон нийтэд түгээх гэж буй кампанит ажлын санаа болон консептийг үнэлэх судалгааны аргачлалыг сурталчилгааны тест гэнэ.
Уг тестээр тухайн компанийн кампанит ажлын контентууд болох видео реклам, зурган постер, хэвлэмэл материал зэрэг нь хүргэхийг хүссэн үндсэн санаагаа илэрхийлж чадаж байгаа эсэх, мессэж нь ойлгогдож байна уу, контентын аль хэсэг нь илүү анхаарал татаж байна зэрэг кретив багийн таамаглалыг шалгахад тусална.
04
Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн бүх үе шатад инновацыг нэвтрүүлж, дахин сайжруулалт хийснээр өрсөлдөөний давуу байдлыг бий болгож чаддаг.
Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирсон аргачлалаар дамжуулж хэрэглэгчээр хэрэглүүлж турших замаар бүтээгдэхүүний консептоос эхлэн хэрэглэхэд хялбар байдал, бүтээгдэхүүний чанар, үнэ, сав баглаа боодол зэрэг тодруулах шаардлагатай үнэлгээний хэсгүүдийг багтааж туршина.
Үүний үр дүнд хэрэглэгчийн сэтгэл ханамжаас эхлэн зөв сегментэд байршсан эсэх зэрэг бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон сувгийн стратегийг гаргах боломжтой.
05
Бидний технологийн хэрэглээ өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Хэрэглэгчид илүү ойлгомжтой, аюулгүй, төвөг багатай технологийг илүүд үзэх болсон.
User experience буюу хэрэглэгчийн туршлага гэдэг нь бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө, хэрэглэх үед болон хэрэглэсний дараа буюу хэрэглээний мөч бүрд мэдэрч байгаа мэдрэмж, туршлагыг хэлнэ. Сайн туршлагыг бий болгохын тулд юуг нь өөрчлөх ёстойгоо сайн мэдэх шаардлагатай ба энэ нь бүтээгдэхүүний дизайн хийх үе шаттай шууд хамааралтай.
Бид харилцагчдадаа хэрэглэгч төвтэй туршлагыг дизайн сэтгэлгээний аргатай хослуулан сайжруулах шийдлийг гаргахад тусална.